“Томуугийн өвчлөл буурсан тул ӨЭМТ-үүд уртасгасан цагаар ажиллахгүй”

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар өнөөдөр /2025.12.19/ Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийв.


Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: 

-Улсын хэмжээнд томуу томуу төст өвчний дэгдэлтийн үе дуусаагүй байгаа. Газар зүйн байдлаар авч үзвэл 10 аймаг алаг цоог дэгдэлттэй байна. Өвчлөл нөхцөл байдлын хувьд багасаж, эрүүл мэндийн байгууллагын ачаалал буурсан. Томуу, томуу төст өвчний улмаас эмчлүүлж байгаа хүүхдүүд болон насанд хүрэгчдийн тоо эрс багассан. Эрчимт эмчилгээ хийлгэж байгаа хүүхдүүдийн тоо хэвээр байгаа. Эрсдэлийн үнэлгээгээр эрсдэлийн түвшин дунд зэрэг гэсэн дүгнэлт гарсан. Энэ нь өвчлөлийн тархалт илт буурсныг илэрхийлнэ.

Нийслэлийн эрүүл мэндийн газарт өрхийн эрүүл мэндийн төвүүдийн  уртасгасан цагийг багасгаж, ачаалал өндөртэй байгаа газар ажиллах хүчийг нэмэгдүүлэх гэсэн саналыг хүргүүлсэн.

Томуу томуу төст өвчний хугацаа дуусах болоогүй. Өвлийн амралт эхлэх гэж байгаатай холбоотойгоор өвчлөл буурдаг. Ийм учраас бага ангийн хүүхдүүдийг цахимаар хичээллэх санал тавьснаар өвчлөлийг бууруулахад үр дүнтэй байгааг анзаарч байгаа байх. Томуугийн үед хөл хорио тавих нь хамгийн зөв шийдэл юм. Хичээл сургуулийн амралт эхэлж буйтай холбоотойгоор бага насны хүүхдүүдийг харгалзах хүнгүй бол гэрт нь битгий орхиорой. Харах хүнгүйгээс болж ахуйн ослууд гарч бэртэж гэмтдэг. Тийм учраас эцэг эхчүүд та бүхэн хүүхдүүдээ анхааралдаа авахыг хүсье. Мөн олон нийтийн арга хэмжээнд бага насны хүүхэдтэй хүмүүс бага оролцох, маскаа зүүж, гараа угааж хэвшээрэй. Томуу томуу төст өвчний үед гарсан нэг дэвшил нь вакцинд идэвхтэй хамрагдсан байдал юм. Улирлын томуугийн вакцинжуулалтад эрсдэлт бүлгийн насны ангиллын 99 хувь нь хамрагдсан. Энэ нь томуу, томуу төст өвчний дэгдэлтийг бууруулахад хамгийн чухал нөлөө үзүүлсэн. Дархлаажуулалтад зургаан сартайгаас зургаан настай хүүхдүүдийн 45 хувийг хамруулсан бол ирэх оноос энэ насны нийт хүүхдүүдийн 70 хувийг хамруулах зорилт тавьсан. Вакциныг 500 мянган тунгаар захиалахаар төлөвлөсөн” гэлээ.

Нийслэлийн эрүүл мэндийн төвийн дарга Н.Наранбаатар:

-Томуу, томуу төст өвчинтэй холбоотойгоор Нийслэлийн засаг даргын захирамж мөн Эрүүл мэндийн сайдын болон Засгийн газрын шийдвэрүүд гарсан. Захирамж, шийдвэр гарснаас өмнөх түргэн тусламжийн дуудлага 2187 хүрч байсан бол өнөөгийн нөхцөл байдлын хувьд 50 хувиар буурсан. Хүүхдийн дуудлага 80 хувь, хүлээн авах яаралтай тусламжаар үзүүлж байгаа хүүхдүүдийн тоо 86.6 хувь  буюу 2400 байсан бол одоо 200 гаруй болж багассан. Нийслэлийн хэмжээнд хүүхдэд тусламж үзүүлэх  877 ор байдаг бол бэлэн байдлын түвшинд 1367  болгон нэмэгдүүлж, салбарын сайдын болон Засаг даргын гаргасан шийдвэрийг ханган ажилласан. Өнөөдрийн байдлаар 797 хэвтэн эмчлүүлж байна.

Үүнээс дүгнэхэд бидний гаргасан шийдэл, шийдвэр зохих үр дүнг үзүүлсэн байна. Бид гурван зүйл дээр анхаарч ажилласан. ЕБ-ын сургуулиудад сургуулийн эмч, өрхийн эрүүл мэндийн төвийхөн шаардлагатай тохиолдолд дүүргийн эмнэлэгүүд сургуулиуд дээр үзлэг хийсэн. Нийт тоогооор ЕБ-ын болон сургуулийн өмнөх боловсролын 136 сургууль цэцэрлэгийн 18098 хүүхдэд урьдчилсан тандалт үзлэгт хамруулсан. Томуу, томуу төст өвчний шинж тэмдэг ихтэй хүүхдүүдэд шаардлагатай эмчилгээг хийсэн. Өрхийн эрүүл мэндийн 155 төв ажлын өдрүүдэд 20 цаг хүртэл, амралт баярын өдрүүдэд 17 цаг ажилласан нь зохих үр дүнгээ өгсөн. Мөн томуу томуу төст өвчнөөр үзүүлж үйлчлүүлж буй 39897 иргэнийг маскаар ханган ажилласан. Энэ чиглэлээр 86 бичлэг, 497 зурагт хуудасыг гаргасан. Энэ нь давхардсан тоогоор нэг сая 597 мянган хүнд хүрсэн. Эрүүл мэндийн салбарынхны хичээл зүтгэл, хөдөлмөр болоод ард иргэдийн халдвар хамгааллын дэглэмээ сахисан байдал нь өнөөдрийн энэ үр дүнд хүргэж байна. Өнөөдрөөс эхлэн өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллахгүй гэлээ.

Leave a Reply